Захиргааны акт хууль бус болох нь тогтоогдоогүй бол түүний улмаас учирсан хохирлыг шаардах эрх үүсэхгүй

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар : 2025.10.14-ний өдрийн  125/ШЗ2025/0310

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Тоймын төрөл: Процессын тойм

 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Нэхэмжлэгч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Манай эзэмшлийн газрыг Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 тоот захирамжаар хүчингүй болгосон. Захирамж хэрэгжсэнээр мод жимсний бут тарьсан тор нь эвдэрч сүйдэж, улиаснаас бусад бүх моднууд усалгаагүйн улмаас хатаж сүйдсэн.” гэж тайлбарлаж сумын Засаг даргаас 60 сая төгрөг нэхэмжилжээ.

Хохирол шаардан гаргуулах нэхэмжлэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардахаар байна.

Захиргааны байгууллагын хууль бус үйлдэл гэдэг нь нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг хууль бус болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эсхүл хариуцагч өөрөө зөвшөөрч хүчингүй болгосон тохиолдолд түүний улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь “...Жаргалант сумын Тамгын газраас ойн бүсэд газар эзэмшиж буй иргэдэд өөр газарт дүйцүүлэн газар эзэмшүүлэх талаар мэдэгдсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжтай маргаагүй” гэж тайлбарласан ба  захирамж хүчин төгөлдөр болжээ.

Энэ үндэслэлийг захиргааны акттай маргах эрхээ хэрэгжүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй юм. 

Иймээс захиргааны актын хууль бус эсэх талаар маргаагүй атлаа уг актын улмаас учирсан хохирлын талаар маргах эрхгүй гэж  дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

 

 

Тоймыг бэлтгэсэн:   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм