Иргэний хэргийн Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь иргэний хуульд нийцсэн байх шаардлагатай

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.01.30, 319/ШЗ2025/00193

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч “ХФ ББСБ” ХХК нь хариуцагч Х.Ж-д холбогдуулан зээл 11,000,000 төгрөг, үндсэн хүү 5,972,547.83 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 10,520,580.79 төгрөг, үндсэн хүүгээс тооцсон нэмэгдүүлсэн хүү 503,584.63 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгээс тооцсон нэмэгдүүлсэн хүү 2,104,116.16 төгрөг, нийт 30,100,892.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.Ж нь нэхэмжлэлийн хувийг гардан аваад зээл 11,000,000 төгрөг, хүү 16,493,128 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,607,700 төгрөг, нийт 30,100,828 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, үлдэх 27,600,828 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус төлөхөөр нэхэмжлэгч “ХФ ББСБ” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулиар зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлөх үүрэгтэй.

Гэтэл маргааны талууд нь хугацаа хэтрүүлсний хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцон эвлэрсэн нь үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцох тухай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэнгүй./Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг/

Нэхэмжлэгч “ХФ ББСБ” ХХК нь зээлийн харилцааны тухайд мэргэжлийн оролцогч тул хариуцагч Х.Ж-тэй Иргэний хуульд нийцээгүй эвлэрлийн гэрээ байгуулж, хэтэрсэн хугацааны хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах боломжгүй.

Иргэний хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хоорондоо эвлэрч үүссэн маргаанаа дуусгавар болох эрхтэй боловч уг эвлэрлийн нөхцөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагатай.

Талуудын хооронд хугацаа хэтрүүлсний хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцон эвлэрсэн нь Иргэний хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч “ХФ ББСБ” ХХК болон хариуцагч Х.Ж нарын эвлэрлийг батлахаас татгалзаж, талуудын хооронд үүссэн маргааныг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой.

 

 

Тойм бэлтгэсэн:

Ховд аймаг дахь сум дундын анхан

шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм