Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүхэд гаргасан  прокурорын дүгнэлтэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар : 2025.04.28-ны өдрийн  125/ШЗ2025/0121

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Тоймын төрөл: Процессын тойм

 

            Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор нь Авто тээврийн төвийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0785426 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол /прокурорын дүгнэлт/ ирүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д зааснаар прокурор нь  эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасан хугацаанд прокурор дүгнэлтээ гаргах ёстой.

Гэтэл ахлах прокурор нь “...зөрчлийг хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтын хүрээнд татаж хянахад шийтгэлийн хуудсын хүчингүй болгох үндэслэл илэрсэн” гэж тайлбарлан 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх хуудсын талаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр буюу 1 жилийн дараа дүгнэлт ирүүлснийг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд тцс шүүхэд хандах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

Прокурор нь зөрчлийн хэрэг нээхээс эхлэн зөрчлийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах эрхтэй ба эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэг тул  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь прокурорын хяналтаас гадуур байх боломжгүй тул “хяналт шалгалтын хүрээнд шийтгэх хуудсыг хянасан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын дүгнэлтийг хуульд заасан шүүхэд  гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн:   Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Оюунгэрэл

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм