Нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шаардлагыг хангана

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025 оны 07 дугаар  сарын 24 өдөр,  Дугаар 125/ШЗ2025/00231

 Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Процессийн тойм: 01

 

    “М” НҮТББ нь Ховд аймгийн Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанд холбогдуулан “Хаягдал усны төлбөр, нөхөн төлбөр тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох арга хэмжээ авах талаар захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

    “М” НҮТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийтийн ашиг сонирхлыг  төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаагаа илэрхийлсэн байна.

    Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан шаардлагыг хангасан байх ёстой. 

    “М” НҮТББ  улсын бүртгэлд хуулийн этгээдээр  2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн ба бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

    Нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж буй төрийн бус байгууллагын нэхэмжлэл гаргах урьдач нөхцөл нь улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 3-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангасан байх шаардлагатай.  Уг шаардлагыг хангаж байгаа нөхцөлд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.

 

 

      Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

 

Хураангуй бэлтгэсэн:  Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Шүүхийн шийдвэр, процессын тойм